Wednesday, April 22, 2015

Ленин багшийн төрсөн өдөр

Өнөөдөр бидний баярын өдөр үнэнч багш Лениний минь төрсөн өдөр юм байна ш дээ. Хэ хэ.

Хорвоо дэлхий ч хувьсахдаа амархан юм даа. Би ч одоо Ленин багшийнхаа төрсөн 1970 онд 100 жилийн ойг нь нүсэр тэмдэглэсэн тэр үеэс л эхлээд санаад байх шиг байдаг юм. За, тэгээд арай ч цэцэрлэг мэцэрлэгтээ Ленин багш магш гэж долигоноогүй байх. Баатарчууд, пионер байхдаа "Хүн бүхний багш аа, хүндэт Ленин багш аа, хүндэт Ленин багш аа, бидний хайртай багш аа", "Манай багшийн багш аа, манлай Ленин багш аа", "Ленин багш минь хосгүй эрдмийн суут нар аа хөө өө" гээд л сургуулийнхаа найрал дууны хооронд зогсоод дуулдаг байлаа ш дээ.

Тэгэхдээ ч манай зарим нэг ардчилагч нар шиг "Ленин багшийн үйл хэрэгт үүрд мөнх үнэнч" энэ тэр гэж тангараг өргөж байсангүй. Харин манай анхны ардчилагч нар 1990 оны 4 сарын 22-нд хоороороо тангараг өргөж байсныг гэрчлэх тэр үеийн сонины шарласан хуудсууд олдох байх шүү.

Тэгтэл одоо юу болов. Нэг сүрхий хувьсгалч нөхөр, Лениний нүд нь яг алуурчны нүд шиг байсан гээд, хөшөөг нь авч хаяад сүйд болов. Би зургийг нь харахаар, аятайхан, сайхан, нүдэнд дулаахан хүний л нүд харагдах юм билээ. Хөшөө нь Улаан хуаранд нэг тохижилт үйлчилгээний компаний бололтой хашаанд шороонд дарагдаад хөсрий хэвтэж байхыг хараад нүднээс нулимс гарах гэж байна лээ ш дээ. Би ч Ленин багшид хайртай л золиг шиг байгаа юм.

За, за, сайхан тэмдэглэх баяртай боллоо. Та бүхний эрүүл мэндийн төлөө! Ленин багшийн төрсөн өдөр сайхан болж байна шүү!

No comments:

Post a Comment