Friday, April 24, 2015

Паах, энэ багшийн гуяыг ээ!

Орос хэл сурах гэж будилуулж байсан, монгол оюутнуудын онигооноос сонссоноо үргэлжлүүлье дээ.

Биднийг очиход, Мэндээ тэгсэн, Мэндээ ингэсэн гээд л өнгөрсөн жил төгсөөд явчихсан оюутны тухай их ярьдаг байлаа. Хамт олны дотор бусдыгаа хөгжөөж, бас заримдаа онигоонд оромтгой тийм хүмүүс бас таардаг даа. Тэдний л нэг байсан бололтой байдаг. Мэндээг мэдэх үү, миний хамгийн сайн найз гэж хэлж байсан казах оюутныг мэдэх юм байна. Тэгэхээр нэртэй л оюутан байсан байгаа биз.

Мэндээгийн хамгийн хүчтэй онигоо нь: "Паах, энэ багшийн гуяыг ээ!" гэсэн гэж байгаа юм. Гадаад оюутнуудад орос хэлний хичээл тусад нь ордог байлаа. Голдуу орос багш нар, тэгэхдээ бас унаган орос хэлтэй бага ястан багш нар ч орно л доо. Тэгээд Мэндээ группдээ ганцаараа эрэгтэй, ангийнхан нь дандаа монгол охид, бүгд хуулийн чиглэлээр хамт сурдаг болохоор нэг группт хамтдаа орос хэлнийхээ хичээлд ордог байж. Орос хэлний багш нь алтан шаргал үстэй, мяраалагдуу, залуухан багш гэнэ. Нэг их халуун өдөр багш нь арай богинохон банзал өмсөөд ирсэн чинь, мань Мэндээ: "Паах, энэ багшийн гуяыг ээ!" гэж өөрийн эрхгүй дуу алдсан гэж байгаа. Түүнийг нь ангийнх нь охид түмэн олонд түгээчихгүй юу.

Мэндээгийн дараагийн хүчтэй онигоо нь: "У вас чёрный человек есть?" гэсэн асуулт гэж байгаа. Алдарт Мэндээ ангийнхаа охидуудтай буу алаад л, гөө, манай багш нөхөртэй болов уу гээд л асуугаад байна гэнэ. Тэгэхээр нь нөгөөдүүл нь бид яаж мэддэг юм бэ, чи тийм их сонирхоод байгаа юм бол өөрөөс нь асуухгүй юу л гэж. Тэгтэл хичээл орж байтал, мань Мэндээ самбаачлаад, багшаасаа асууж байна гэнэ: "У вас чёрный человек есть?" Багш нь яаж ойлгох вэ дээ, "Чёго оо???" гээд л үнэн гайхширч байна гэнэ. Ангийнх нь охид харин бүгд аймаар ойлгоод пирхийтэл инээлдэнэ биз. Багш нь бүр алмайрна биз. Тэгээд нөгөө охидууд чинь ёстой нулимсаа гартал инээлдэж, элгээ дарж байгаад л багшдаа тайлбарлаж өгч дээ. Багш аа, Мэндээ таниас багш аа, та нөхөртэй юу гэж асууж байна аа. Манай монгол хэлэнд нөхөр гэдгийг хар хүн гэж эерүүлэн хэлж болдог юм аа. Түүнийгээ махчлаад шууд орчуулчихаар ийм хачин таны ойлгохгүй үг болчихлоо гэж тайлбарлаж өгөөд, багштайгаа хамтдаа инээлджээ.

У ваас есть чёорный человеек?


Thursday, April 23, 2015

Сагс л жаахан үзэх юм даа

Улс орны эдийн засаг доройтоод, хийе гэхээр ажил олдохгүй юм, хийгээд ч хэрэггүй юм шиг ээ. Цалин мөнгөө ч өгөхгүй, луу унжих юм аа. Гэртээ, яршиг зүгээр зурагт үзээд л хэвтэж байх нь дээр ч юм шиг. Гараад явахаар архи уучихаад болохгүй юм. Тэгэхээр гэрийн хорионд байсан нь л өлзийтэй юм шиг ээ.

За, би бол сумо үзвэл зөвхөн макүүчи зиндааныхны барилдааныг л үздэг. Түүнээс доош зиндааныхны барилдааныг үзвэл өөрийгөө доромжилж байна гэж үздэг хүмүүн бөлгөө. Анх эхлээд Евро лигийн багуудын тоглолтыг нэлээд үздэг байлаа. За, MBA-гийн үндэсний супер лигийг бол огт үздэггүй дээ. Хэдэн цэцэрлэгийн хүүхэд сагс тоглохыг харж байгаа юм шиг л ямар ч сонирхолгүй. WNBA-г ч үздэггүй. Хэрэв би WNBA-г үзээд сууж байвал, аль нэг багт аятайхан бие хаатай хүүхэн тоглож байна, тэр хүүхнийг л тэндээс харвал ямар байх нь вэ, эндээс нь харвал ямар байх нь вэ гээд шинжээд л сууж байгаа гэж ойлгоход болно. Түүнээс биш тоглолт, ур чадварыг нь огт сонирхдоггүй. За, ганц үздэг тоглолтууд гэвэл NBA л байна. Евро лигийн тоглолтоос ч хавьгүй илүү гоё тоглолтууд гаргадаг шүү. NCAA-г бас үзэх дуртай. Ёстой залуу насны азаартаар, бас л гал гарсан тоглолтууд болно шүү.

Төвийн тоглогчид, нэгэнт од болчихсон тоглогчдоос илүүтэйгээр шинээр гарч ирж байгаа тоглогчид, биеэр жижиг боловч, тоглолтын ур чадвараар үнэхээр гайхамшигтай, холбон тоглогчдыг голчлон шүтэн үздэг дээ. Тухайлбал, Хьюстон Рокетсийн Жеймс Харден, Голден Стейт Уоррайорзийн Стефен Карри, Чикаго Буллзийн Деррик Роуз нарыг нэрлэж болж байна. Энэ гурвын хэнийх нь ч бөмбөгтэй харьцаж, талбайгаа бүхэлд нь харж, хамтран тоглогчдоо мэдэрч байгаа байдал, тэгээд ур чадвар нь үнэхээр аугаа даа. 

Энэ жилийн хувьд Голден Стейтийг аварга болох болов уу гэж горьдож байгаа ш дээ. Зүүн бүсээс Атланта Хоукс, Чикаго Буллз хоёр шөвгийн дөрөвт үлдэх болов уу. Баруун бүсээс Хьюстон Рокетсийг бас дөрөвт үлдэх байх гэж бодож байгаа ш дээ. За, хэр зөв таасан нь тэгээд удахгүй тодорхой болно л доо.  

Wednesday, April 22, 2015

Ленин багшийн төрсөн өдөр

Өнөөдөр бидний баярын өдөр үнэнч багш Лениний минь төрсөн өдөр юм байна ш дээ. Хэ хэ.

Хорвоо дэлхий ч хувьсахдаа амархан юм даа. Би ч одоо Ленин багшийнхаа төрсөн 1970 онд 100 жилийн ойг нь нүсэр тэмдэглэсэн тэр үеэс л эхлээд санаад байх шиг байдаг юм. За, тэгээд арай ч цэцэрлэг мэцэрлэгтээ Ленин багш магш гэж долигоноогүй байх. Баатарчууд, пионер байхдаа "Хүн бүхний багш аа, хүндэт Ленин багш аа, хүндэт Ленин багш аа, бидний хайртай багш аа", "Манай багшийн багш аа, манлай Ленин багш аа", "Ленин багш минь хосгүй эрдмийн суут нар аа хөө өө" гээд л сургуулийнхаа найрал дууны хооронд зогсоод дуулдаг байлаа ш дээ.

Тэгэхдээ ч манай зарим нэг ардчилагч нар шиг "Ленин багшийн үйл хэрэгт үүрд мөнх үнэнч" энэ тэр гэж тангараг өргөж байсангүй. Харин манай анхны ардчилагч нар 1990 оны 4 сарын 22-нд хоороороо тангараг өргөж байсныг гэрчлэх тэр үеийн сонины шарласан хуудсууд олдох байх шүү.

Тэгтэл одоо юу болов. Нэг сүрхий хувьсгалч нөхөр, Лениний нүд нь яг алуурчны нүд шиг байсан гээд, хөшөөг нь авч хаяад сүйд болов. Би зургийг нь харахаар, аятайхан, сайхан, нүдэнд дулаахан хүний л нүд харагдах юм билээ. Хөшөө нь Улаан хуаранд нэг тохижилт үйлчилгээний компаний бололтой хашаанд шороонд дарагдаад хөсрий хэвтэж байхыг хараад нүднээс нулимс гарах гэж байна лээ ш дээ. Би ч Ленин багшид хайртай л золиг шиг байгаа юм.

За, за, сайхан тэмдэглэх баяртай боллоо. Та бүхний эрүүл мэндийн төлөө! Ленин багшийн төрсөн өдөр сайхан болж байна шүү!

Monday, April 20, 2015

Товарищ Сталин

Товарищ Сталин! Вы большой учёный, В языкознании познали толк. А я простой Советский заключенный, И мой товарищ - серый Брянский волк.

Thursday, April 16, 2015

Ай аа, я тоожээ

Анхлан орос хэл сурч байгаа гадаад оюутнуудын тухай хөгтэй, хөгжилтэй олон онигоо сонсож байлаа. Тэдний заримаас оруулсу.

Оюутнууд хуучин ЗХУ-д ёстой вагон вагоноороо суралцаж байх үед шинээр очсон эхний нэг хоёр жилдээ оросоор ярих гэж нэлээн юм болдог байлаа. Оюутнууд зуны бас өвлийн амралтаараа хоёр удаа гэртээ харьж болдог байлаа. Зун намар вагоноор явчихаж ч болдог байсан бол өвөл амралтын хугацаа нь цөөхөн юм болохоор яалт ч үгүй онгоцоор нисэх болдог байлаа. Эрхүү Душанбегийн хооронд нисэхэд онгоц замдаа Алма-Ата хотод түр зогсолт хийж хүн нэмж аваад цааш нисдэг байлаа. Алма-Ата хотод онгоц буухаар нисэхийн дүрэмт хувцастай, Интуристын гунхсан, ганган орос хүүхнүүд хүрч ирээд дагуулж аваачаад, гадаад зорчигчдын хүлээлгийн танхимд суулгачихдаг байлаа. Нисэх болохоор буцааж дагуулж аваачаад онгоцонд нь буцаагаад суулгадаг байлаа.

Тэр л жамаар манай сургуулийн нэгдүгээр курсын нэгэн шинэ оюутан Монголд өвөл амралтаараа ирчихээд буцаж явжээ. Тэгээд дээр өгүүлснээр Алма-Ата хотод онгоц түр зогсоход, уг онгоцноос нөгөө оюутан охиныг бас нэг жаахан охинтой хамт Интуристын хүүхэн дагуулж авч яваад, гадаадын жуулчдын хүлээлгийн өрөөнд оруулчихжээ. Тэгээд нөгөө охиныг харсан чинь бас л өөр шиг алмайрсан гайхсан харцтай харваас нэгдүгээр ангийн оюутан гэдэг нь илэрхий байна гэнэ. Тэгээд аймаар зориглож байгаад л нөгөө оюутнаасаа асууж гэнэ.
- Тий сама откууда?
- Яа из Монголии. А тий? гэсэн чинь, нөгөөх нь:
- Ай аа, я тоожээ гэсэн гэж байгаа юм. Тэгснээ гэнэт пирхийтэл инээлдэнэ биз дээ. Хоёулаа нэгдүгээр курсын шинэ оюутнууд оросоор муухан ярьдаг байж, цааш нь оросоор ярихаар өөрсдийгөө зовоогоод яах вэ, өө чи хаана сурдаг юм бэ, аль сургууль гэлцээд сайхан танилцсан гэдэг. Тэгсэн хоёулаа нэг хотын хоёр өөр сургуулийн адилхан нэг курсэд суралцдаг оюутнууд болж таараад цаашид ихэд дотносон нөхөрлөжээ. 

Тэгэхдээ, ай аа, я тоожээ нь шинэ оюутны шилдэг онигоо болон үлдсэн аж.  

Monday, April 6, 2015

Эрхүүгийн дурлал

Гавъяат жүжигчин Жаргалсайханы дуулдаг Эрхүүгийн хавар гэдэг дууны клипэнд Ангар мөрний хүйтэн усанд нэг залуу унаад л гардаг шүү дээ. Тэр чинь уг нь худлаа ш биш юм байна лээ дээ.

Хуучин Зөвлөлтөд сурдаг оюутнуудын дунд Эрхүүд нэг монгол залуу "Дурлал мандтугай!" гээд Ангар мөрөн рүү гүүрэн дээрээс үсэрч гэнэ ээ гээд л ярьдаг байлаа. Хэн нэг нь жаахан дэгсдүүлж байгаа биз гэж бодоод л өнгөрдөг байлаа.

Тэгтэл дараа нь ажилд орсон хойноо нэг залуутай ажил төрлийн холбоотой сайхан найзууд байлаа. Тэгээд нэг удаа санамсаргүй Эрхүүд нэг залуу "дурлал мандтугай!" гээд гүүрэн дээрээс үсэрчихсэн гэж их ярьдаг ш дээ, үнэн ч юм уу, худлаа ч юм уу гэсэн чинь, харин өөдөөс тэр чинь би ш гэдэг байгаа. За, болиод өг дөө! гэсэн чинь болсон түүхийг нь ярьж өгсөн юм.

Мань нөхрийг Эрхүүд сургууль төгссөнийг нь бол би мэднэ л дээ. Мань нөхрийг дөрөвдүгээр курсэд байхад нь юм уу даа, Монголд үлдсэн найз охин нь кино минонд тоглоод од болж, улмаар өөр найз залуутай болоод, мань нөхрөөс харилцаагаа тасалжээ. Түүнд нь гомдож гунисан залуу нэг өдөр үнэхээр жаахан халамцуу явж байгаад гүүрний яг голоос арай ч дурлал мандтугай гэж үсрээгүй, за, бараг унаад үхчихсэн ч яахав, байсан ч яахав гэсэншүү байдалтай тонгойж байтал, толгой нь дийлээд яалт ч үгүй ус руу уначихаж гэнэ.

Усанд унасан хойноо гэнэт ухаан ороод, арай ч үхчмээргүй санагдаад, байдгаараа тэлчилж, хоёр талын эрэг хол, яая даа гэж байтал, гэнэт нэг хүчтэй гар татаад авч гэнэ. Харсан чинь Ангар мөрөнд завьтай загасчилж явсан нэг орос өвгөн нөгөөхийг гүүрнээс унахыг харсан юм байлгүй хүрээд ирчихсэн завин дээрээ татаж гаргаж байжээ.

Татаж гаргасныхаа дараа, өвгөн нөгөө залуугийн амыг нь бараг ар дээр нь гартал нэг сайн алгадаж өгөөд, бүтэн шилтэй архи гаргаад, стаканд хийгээд өгч гэнэ. Өө, үгүй, энэ тэр гэсэн, дуугүй уу, хүйтэн усанд хөвөх сайхан байна уу, ханиад хатгаанаас сэргийлнэ гэжээ. Стакантай архийг нь уучихаад дотроосоо бүлээцээд сайхан болж байхад, нөгөө өвгөн хууч хөөрөнгөө голын эрэгт хүргээд, дахиж ингэж болохгүй гээд гар бариад салсан гэдэг.

Ийм л юм болсон юм гэнэ лээ. Тэгэхээр би түүхэн хүнийг таньдаг болж таарч байгаа биз.