Thursday, June 18, 2015

Шаггүй шатарчин

Үүний түрүүн шаггүй бөх байсан тухайгаа бичсэн. Одоо шаггүй шатарчин байсан тухайгаа бичнэ ээ, яадгийм.

За, ер нь би бол шатар их хожуу сурсан. 10-р ангид байхдаа, дүүгээрээ заалгаж сурсан. Тэгээд анхны багштайгаа тоглоод хожигдчихоороо уурлаж, шатрын хөлгөө авч шиддэг, шартай шатарчин байлаа.

Их сургуульд ороод, яаж зүгээр байхав, ойр хавийнхантайгаа тоглож, оюутны байрандаа за бараг л бүгдийг нь хождог болж, овоо маадгар байдаг боллоо.

Тэр үед манай курсэд нэг шатрын спортын мастер бидэнтэй хамт сурч байлаа. Ер нь манай курсэд уран сайхны гимнастикийн, чөлөөт бөхийн, боксын, шатрын спортын мастер гэсэн ЗХУ-ын спортын мастер 4 хүн сурдаг байлаа. Мань шатрын спортын мастер 4-5 дугаар курсдээ бүр оюутны байранд бидэнтэй цуг амьдардаг болж, бид орж гардаг, нэлээн ойр дотно нөхөрлөдөг байлаа. 

Бусад нь хэр зэрэг эрэмбэлэгддэгийг мэдэхгүй, манай шатрын спортын мастер бол Бүгд найрамдах улсдаа 2 дугаарт эрэмбэлэгддэг, уг нь лут амьтан л даа. Тэгэхдээ л харахаар, энэ бид хоёрын шатар тоглодог гэж хаашаа харсан юм байдаг юм гэмээр, нээк том занхайсан буржгар хар толгойтой, намхан, амаа ангайлгаж, шүлсээ гоожуулдаг мангар хүүхэд шиг харагддаг нэгэн байдаг байлаа. 

Оюутны байранд бараг бүгдийг нь хожоод, сүүлдээ тоглох хүн ч олдохгүй шахам, бяр амтагдаж байх үед нөгөөхийг чинь за, хоёулаа нэг нүүчихье гэхээр, эй яршиг, яршиг, за дараа гээд ерөөсөө тоглож өгдөггүй байлаа. Олон ч удаа тэгж гуйсан даа. Сүүлдээ, юуны тулд би монгол хүн билээ, монгол хүний хардамтгай зан маань хөдөлж, өө, энэ одоо хожигдчихно гэж айгаад байгаа юм байна л доо. За, нээрээ, мастер мастер гэчихээд надад хожигдчихвол нэр сүрэнд нь муухай юм даа гэж өөрийгөө овоо дөвийлгөн боддог боллоо. 

Иймэрхүү маягтай бараг нэг жил болсны дараа нөгөөхийг чинь за нэг нүүчих үү гэсэн чинь за гэж байна. За, ёстой нусыг нь сугартал хожоод өгье гээд л яаран шатраа өрөөд л тоглолоо. Таван минут ч хүрэхгүй хугацаанд, 20 ч нүүлгүй, хожигдлоо. Дараа нь нөгөөх чинь шууд л миний нүүсэн нүүдлүүд дээр анализ хийгээд, чи эхлээд ингэж нүүсэн, энэ сайн нүүдэл байсан, дараа нь тэгж нүүсэн, тэр чинь муу нүүдэл байсан гээд бүх нүүдлийг минь, өөрийнхөө нүүдэлтэй хамт сэргээн санаж, ингэсэн бол дээр байсан, тэгсэн бол тэгэх байсан, хойшдоо тэр тэрийгээ анхаар гээд үнэтэй зөвлөгөө сургамжаа өгдөг байна ш дээ. Хэ хэ.

Ингэж би өөрийгөө ямар нусан жур шатарчин бэ гэдгээ яс махандаа ортлоо мэдэж авч билээ. Хэ хэ. Тэгэхдээ л улсдаа хоёрт эрэмбэлэгддэг шатарчныг нусыг нь сугартал хожно гээд тоглож байсан гэхээр бас л шаггүй шатарчин болж таараад байгаа юм даа. Гах гах.

Оюутан цагийн найз, шатрын спортын мастер маань одоо Бруней улсын шатрын шигшээ багийн дасгалжуулагч болсон байна лээ. Хүү нь бас шатарчин болсон гэсэн. Хүүгээ дасгалжуулаад л, олон улсын тэмцээнүүд дээр манай шигшээ багийн шилдгүүдтэй хүч үздэг л юм байна лээ. Харин би ганцаараа компьютертэйгээ шатар нүүж, нусыг нь сугартал хожиж, кайф аваад л байгаа юм даа гэж! Алив, нэг үзчих амьтан байна уу! Хэ хэ.

Sunday, June 7, 2015

Би ч бас л том бөх шүү!

"Харь хол явж үзээгүй намайг, харин Ленинтэй уулзлаа гэхээр их гайхдаг юм" гэдэг шиг ах нь цагтаа улсын цолтой бөхчүүдтэй л хүч үздэг том бөх байлаа шүү дээ гэж. Хэ хэ.

Би биеэр жижиг ч шаггүй барилдчихдаг хүүхэд байлаа. Цэрэгт очоод, үндэсний бөхөөр барилдахад бол үнэндээ жижигдэнэ л дээ, тэгэхдээ өөр хоорондоо барилдах болохоор барилдана л даа. Тэгээд батальон дээр бөхийн тэмцээн зохиохоор ер нь тогтмол шөвгийн дөрөвт шалгараад байдаг байлаа. Түрүүлж бол үзээгүй ээ. Тэгээд аз таардаг юм уу, яадаг юм, шөвгийн дөрөвт яаж ийгээд л үлдчихээд байдаг байлаа. Ангидаа бол барилддаг хүний л тоонд ордог байлаа.

За, тэгсэн чинь армийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм болоод урьдчилсан шатанд нь анги бүрээс дөрөв дөрвөн бөх оролцуулах юм болсон чинь хэ хэ, хөөрхий шинэ цэрэг шалгарчихдаг байна ш дээ. Уг нь миний үндэсний бөхөөр барилдах гэж юу байх вэ дээ, тэр үед 54-55 кг-аас ерөөсөө дээш гардаггүй хүн байлаа шүү дээ. Харин одоо бол 70-80 килотой, гүзээгээ унжуулчихаад, барилддаг гэвэл, хүн аан, тийм байх оо гэмээр амьтан байгаа юм чинь. Тэгэхдээ хэрэггүй гүзээ чинь хэрэггүй байдаг юм байна лээ. Хурд байхгүй, хүч гарахгүй, хөл гар нь хөдлөөд ч нэмэргүй, гүзээ нь хамжиж дэмжиж өгч чадахгүй хоцроод байдаг юм байна лээ. 

За, тэгээд очоод барилдах юм боллоо. Бусад ангиудаас ёстой сүрдмээр том том биетэй цэргүүд, аймаг цэргийн цолтой бөхчүүд иржээ. Хамт ирсэн хал цэргүүд маань айгаад барилдахаа болилоо. Үнэхээр бид бол ёстой жижигдэж, жолдож байгаа юм чинь. 

Бүх оролцогчдыг дотор нь бараг гурав дөрвөн ч подгрупп болгосон байх оо. Манай группт 32 бөх тойргоор барилдаж байгаа юм. Энд л миний бөх байх үеийн оргил үе тохиож, улсын начин Эрдэнэбаяр, Цэнгэлсүрэн, Сумъяа нартай таарч барилдаж байгаа юм чинь. Ха ха. Би ч өөрийгөө  хүн ганц гуд татахад уначихгүй овоо сүрхий бөх гэж боддог байлаа. Тэгтэл нөгөөдүүл чинь намайг бол зүгээр л шууд гуд татаад л сарвайтал нь дөрвөн хөллүүлчихэж байгаа юм чинь. Яг үнэндээ тэд надтай барилдах үедээ улсын цол аваагүй, аймаг, цэргийн цолтой бөхчүүд байсан л даа. Тэгээд л удалгүй дараа жил л бараг улсын цолоо авцгаасан байх. 

Би ч яахав, барилдсан бүх бөхдөө унаж, амьдралдаа анх удаа баян ходоод болж үзэв. Харин баян ходоодны шагнал гэж өгөхгүй байна лээ. Хэ хэ.

Гэхдээ л гурвын гурван улсын цолтой бөхтэй уран мэхийг уралдуулан барилдаж байсан гэхээр том л бөх байгаа биз дээ. Хэ хэ.