Анхлан орос хэл сурч байгаа гадаад оюутнуудын тухай хөгтэй, хөгжилтэй олон онигоо сонсож байлаа. Тэдний заримаас оруулсу.
Оюутнууд хуучин ЗХУ-д ёстой вагон вагоноороо суралцаж байх үед шинээр очсон эхний нэг хоёр жилдээ оросоор ярих гэж нэлээн юм болдог байлаа. Оюутнууд зуны бас өвлийн амралтаараа хоёр удаа гэртээ харьж болдог байлаа. Зун намар вагоноор явчихаж ч болдог байсан бол өвөл амралтын хугацаа нь цөөхөн юм болохоор яалт ч үгүй онгоцоор нисэх болдог байлаа. Эрхүү Душанбегийн хооронд нисэхэд онгоц замдаа Алма-Ата хотод түр зогсолт хийж хүн нэмж аваад цааш нисдэг байлаа. Алма-Ата хотод онгоц буухаар нисэхийн дүрэмт хувцастай, Интуристын гунхсан, ганган орос хүүхнүүд хүрч ирээд дагуулж аваачаад, гадаад зорчигчдын хүлээлгийн танхимд суулгачихдаг байлаа. Нисэх болохоор буцааж дагуулж аваачаад онгоцонд нь буцаагаад суулгадаг байлаа.
Тэр л жамаар манай сургуулийн нэгдүгээр курсын нэгэн шинэ оюутан Монголд өвөл амралтаараа ирчихээд буцаж явжээ. Тэгээд дээр өгүүлснээр Алма-Ата хотод онгоц түр зогсоход, уг онгоцноос нөгөө оюутан охиныг бас нэг жаахан охинтой хамт Интуристын хүүхэн дагуулж авч яваад, гадаадын жуулчдын хүлээлгийн өрөөнд оруулчихжээ. Тэгээд нөгөө охиныг харсан чинь бас л өөр шиг алмайрсан гайхсан харцтай харваас нэгдүгээр ангийн оюутан гэдэг нь илэрхий байна гэнэ. Тэгээд аймаар зориглож байгаад л нөгөө оюутнаасаа асууж гэнэ.
- Тий сама откууда?
- Яа из Монголии. А тий? гэсэн чинь, нөгөөх нь:
- Ай аа, я тоожээ гэсэн гэж байгаа юм. Тэгснээ гэнэт пирхийтэл инээлдэнэ биз дээ. Хоёулаа нэгдүгээр курсын шинэ оюутнууд оросоор муухан ярьдаг байж, цааш нь оросоор ярихаар өөрсдийгөө зовоогоод яах вэ, өө чи хаана сурдаг юм бэ, аль сургууль гэлцээд сайхан танилцсан гэдэг. Тэгсэн хоёулаа нэг хотын хоёр өөр сургуулийн адилхан нэг курсэд суралцдаг оюутнууд болж таараад цаашид ихэд дотносон нөхөрлөжээ.
Тэгэхдээ, ай аа, я тоожээ нь шинэ оюутны шилдэг онигоо болон үлдсэн аж.
No comments:
Post a Comment