Гавъяат жүжигчин Жаргалсайханы дуулдаг Эрхүүгийн хавар гэдэг дууны клипэнд Ангар мөрний хүйтэн усанд нэг залуу унаад л гардаг шүү дээ. Тэр чинь уг нь худлаа ш биш юм байна лээ дээ.
Хуучин Зөвлөлтөд сурдаг оюутнуудын дунд Эрхүүд нэг монгол залуу "Дурлал мандтугай!" гээд Ангар мөрөн рүү гүүрэн дээрээс үсэрч гэнэ ээ гээд л ярьдаг байлаа. Хэн нэг нь жаахан дэгсдүүлж байгаа биз гэж бодоод л өнгөрдөг байлаа.
Тэгтэл дараа нь ажилд орсон хойноо нэг залуутай ажил төрлийн холбоотой сайхан найзууд байлаа. Тэгээд нэг удаа санамсаргүй Эрхүүд нэг залуу "дурлал мандтугай!" гээд гүүрэн дээрээс үсэрчихсэн гэж их ярьдаг ш дээ, үнэн ч юм уу, худлаа ч юм уу гэсэн чинь, харин өөдөөс тэр чинь би ш гэдэг байгаа. За, болиод өг дөө! гэсэн чинь болсон түүхийг нь ярьж өгсөн юм.
Мань нөхрийг Эрхүүд сургууль төгссөнийг нь бол би мэднэ л дээ. Мань нөхрийг дөрөвдүгээр курсэд байхад нь юм уу даа, Монголд үлдсэн найз охин нь кино минонд тоглоод од болж, улмаар өөр найз залуутай болоод, мань нөхрөөс харилцаагаа тасалжээ. Түүнд нь гомдож гунисан залуу нэг өдөр үнэхээр жаахан халамцуу явж байгаад гүүрний яг голоос арай ч дурлал мандтугай гэж үсрээгүй, за, бараг унаад үхчихсэн ч яахав, байсан ч яахав гэсэншүү байдалтай тонгойж байтал, толгой нь дийлээд яалт ч үгүй ус руу уначихаж гэнэ.
Усанд унасан хойноо гэнэт ухаан ороод, арай ч үхчмээргүй санагдаад, байдгаараа тэлчилж, хоёр талын эрэг хол, яая даа гэж байтал, гэнэт нэг хүчтэй гар татаад авч гэнэ. Харсан чинь Ангар мөрөнд завьтай загасчилж явсан нэг орос өвгөн нөгөөхийг гүүрнээс унахыг харсан юм байлгүй хүрээд ирчихсэн завин дээрээ татаж гаргаж байжээ.
Татаж гаргасныхаа дараа, өвгөн нөгөө залуугийн амыг нь бараг ар дээр нь гартал нэг сайн алгадаж өгөөд, бүтэн шилтэй архи гаргаад, стаканд хийгээд өгч гэнэ. Өө, үгүй, энэ тэр гэсэн, дуугүй уу, хүйтэн усанд хөвөх сайхан байна уу, ханиад хатгаанаас сэргийлнэ гэжээ. Стакантай архийг нь уучихаад дотроосоо бүлээцээд сайхан болж байхад, нөгөө өвгөн хууч хөөрөнгөө голын эрэгт хүргээд, дахиж ингэж болохгүй гээд гар бариад салсан гэдэг.
Ийм л юм болсон юм гэнэ лээ. Тэгэхээр би түүхэн хүнийг таньдаг болж таарч байгаа биз.
No comments:
Post a Comment