Monday, April 20, 2015

Товарищ Сталин

Товарищ Сталин! Вы большой учёный, В языкознании познали толк. А я простой Советский заключенный, И мой товарищ - серый Брянский волк.

Thursday, April 16, 2015

Ай аа, я тоожээ

Анхлан орос хэл сурч байгаа гадаад оюутнуудын тухай хөгтэй, хөгжилтэй олон онигоо сонсож байлаа. Тэдний заримаас оруулсу.

Оюутнууд хуучин ЗХУ-д ёстой вагон вагоноороо суралцаж байх үед шинээр очсон эхний нэг хоёр жилдээ оросоор ярих гэж нэлээн юм болдог байлаа. Оюутнууд зуны бас өвлийн амралтаараа хоёр удаа гэртээ харьж болдог байлаа. Зун намар вагоноор явчихаж ч болдог байсан бол өвөл амралтын хугацаа нь цөөхөн юм болохоор яалт ч үгүй онгоцоор нисэх болдог байлаа. Эрхүү Душанбегийн хооронд нисэхэд онгоц замдаа Алма-Ата хотод түр зогсолт хийж хүн нэмж аваад цааш нисдэг байлаа. Алма-Ата хотод онгоц буухаар нисэхийн дүрэмт хувцастай, Интуристын гунхсан, ганган орос хүүхнүүд хүрч ирээд дагуулж аваачаад, гадаад зорчигчдын хүлээлгийн танхимд суулгачихдаг байлаа. Нисэх болохоор буцааж дагуулж аваачаад онгоцонд нь буцаагаад суулгадаг байлаа.

Тэр л жамаар манай сургуулийн нэгдүгээр курсын нэгэн шинэ оюутан Монголд өвөл амралтаараа ирчихээд буцаж явжээ. Тэгээд дээр өгүүлснээр Алма-Ата хотод онгоц түр зогсоход, уг онгоцноос нөгөө оюутан охиныг бас нэг жаахан охинтой хамт Интуристын хүүхэн дагуулж авч яваад, гадаадын жуулчдын хүлээлгийн өрөөнд оруулчихжээ. Тэгээд нөгөө охиныг харсан чинь бас л өөр шиг алмайрсан гайхсан харцтай харваас нэгдүгээр ангийн оюутан гэдэг нь илэрхий байна гэнэ. Тэгээд аймаар зориглож байгаад л нөгөө оюутнаасаа асууж гэнэ.
- Тий сама откууда?
- Яа из Монголии. А тий? гэсэн чинь, нөгөөх нь:
- Ай аа, я тоожээ гэсэн гэж байгаа юм. Тэгснээ гэнэт пирхийтэл инээлдэнэ биз дээ. Хоёулаа нэгдүгээр курсын шинэ оюутнууд оросоор муухан ярьдаг байж, цааш нь оросоор ярихаар өөрсдийгөө зовоогоод яах вэ, өө чи хаана сурдаг юм бэ, аль сургууль гэлцээд сайхан танилцсан гэдэг. Тэгсэн хоёулаа нэг хотын хоёр өөр сургуулийн адилхан нэг курсэд суралцдаг оюутнууд болж таараад цаашид ихэд дотносон нөхөрлөжээ. 

Тэгэхдээ, ай аа, я тоожээ нь шинэ оюутны шилдэг онигоо болон үлдсэн аж.  

Monday, April 6, 2015

Эрхүүгийн дурлал

Гавъяат жүжигчин Жаргалсайханы дуулдаг Эрхүүгийн хавар гэдэг дууны клипэнд Ангар мөрний хүйтэн усанд нэг залуу унаад л гардаг шүү дээ. Тэр чинь уг нь худлаа ш биш юм байна лээ дээ.

Хуучин Зөвлөлтөд сурдаг оюутнуудын дунд Эрхүүд нэг монгол залуу "Дурлал мандтугай!" гээд Ангар мөрөн рүү гүүрэн дээрээс үсэрч гэнэ ээ гээд л ярьдаг байлаа. Хэн нэг нь жаахан дэгсдүүлж байгаа биз гэж бодоод л өнгөрдөг байлаа.

Тэгтэл дараа нь ажилд орсон хойноо нэг залуутай ажил төрлийн холбоотой сайхан найзууд байлаа. Тэгээд нэг удаа санамсаргүй Эрхүүд нэг залуу "дурлал мандтугай!" гээд гүүрэн дээрээс үсэрчихсэн гэж их ярьдаг ш дээ, үнэн ч юм уу, худлаа ч юм уу гэсэн чинь, харин өөдөөс тэр чинь би ш гэдэг байгаа. За, болиод өг дөө! гэсэн чинь болсон түүхийг нь ярьж өгсөн юм.

Мань нөхрийг Эрхүүд сургууль төгссөнийг нь бол би мэднэ л дээ. Мань нөхрийг дөрөвдүгээр курсэд байхад нь юм уу даа, Монголд үлдсэн найз охин нь кино минонд тоглоод од болж, улмаар өөр найз залуутай болоод, мань нөхрөөс харилцаагаа тасалжээ. Түүнд нь гомдож гунисан залуу нэг өдөр үнэхээр жаахан халамцуу явж байгаад гүүрний яг голоос арай ч дурлал мандтугай гэж үсрээгүй, за, бараг унаад үхчихсэн ч яахав, байсан ч яахав гэсэншүү байдалтай тонгойж байтал, толгой нь дийлээд яалт ч үгүй ус руу уначихаж гэнэ.

Усанд унасан хойноо гэнэт ухаан ороод, арай ч үхчмээргүй санагдаад, байдгаараа тэлчилж, хоёр талын эрэг хол, яая даа гэж байтал, гэнэт нэг хүчтэй гар татаад авч гэнэ. Харсан чинь Ангар мөрөнд завьтай загасчилж явсан нэг орос өвгөн нөгөөхийг гүүрнээс унахыг харсан юм байлгүй хүрээд ирчихсэн завин дээрээ татаж гаргаж байжээ.

Татаж гаргасныхаа дараа, өвгөн нөгөө залуугийн амыг нь бараг ар дээр нь гартал нэг сайн алгадаж өгөөд, бүтэн шилтэй архи гаргаад, стаканд хийгээд өгч гэнэ. Өө, үгүй, энэ тэр гэсэн, дуугүй уу, хүйтэн усанд хөвөх сайхан байна уу, ханиад хатгаанаас сэргийлнэ гэжээ. Стакантай архийг нь уучихаад дотроосоо бүлээцээд сайхан болж байхад, нөгөө өвгөн хууч хөөрөнгөө голын эрэгт хүргээд, дахиж ингэж болохгүй гээд гар бариад салсан гэдэг.

Ийм л юм болсон юм гэнэ лээ. Тэгэхээр би түүхэн хүнийг таньдаг болж таарч байгаа биз.   

Monday, December 22, 2014

ТЭТГЭВРИЙН ӨВГӨНИЙ ШИНЭ ЖИЛ

Тэтгэвэр ч байхгүй, тэтгэврийн хөгшин байх чинь бас зүгээр юм оо. Энд тэндээс утасдаж, ийм баяр, тийм баяр тэмдэглэе гээд байхгүй. Ганцаараа компьютертэйгээ тулгаж байгаад, хааяа нэг уучихаад л. Харин өнгөрсөн Баасан гаригт хамт сурч байсан нөхдүүд маань шинэ жилээ тэмдэглэж байна гэсэн зар мэдээ ирээд, үзэлгүй, харалгүй, өнө удаан болсон хүмүүстэйгээ нэг уулзаад мэндийг нь мэдчихвэл зүгээр ч юм уу гээд давхиад очлоо.

Таних амьтан нэг ч байдаггүй юм байна. Осолдохгүй курсынхаа ганц залууг л таньж байна аа. Бусад нь дээд, доод анги, хавь ойрын сургууль гээд явахаар чинь ёстой таних хүн байдаггүй юм байна. Байлаа ч, нэр ус байхгүй ээ, осолдохгүй нэг үзсэн царай. За, тэгээд арай танимхайраад, сайн уу, энэ тэр ээ гэхээр нөгөөдүүл чинь таньж байгаа шинж ер алга аа.

Би ч угаасаа аав ээжийн сургаалаар даруухан, хүний нүдэнд өртөхгүй байхаар хүмүүжсэн хүн. Одоо хааяа нэг архи уухаараа дэвчихдэгээ эс тооцвол бас л даруухан хэвээрээ байгаа гэж боддог. За, тэгээд угаасаа ч зожигдуу, нээк олонтой нийлээд дарвиад явдаггүй байсан хүн чинь тийм газар очоод бараг хэрэггүй шахуу юм билээ. Сүүлдээ бараг шал дургүй хүрч явахын түүс болов оо.

За, тэгээд ресторан, зоогийн газрууд чинь эрт хаадаг ч болсон юм байна. 12 цаг болоод л хаалгаа тас барьчихдаг болсон юм байна. Одоо тэгээд ямар явахгүй гэлтэй биш, харьдаг байх даа гээд гараад явсан чинь, хамт гарсан дээд курсын залуу за, нэг газар жаахан сууж, ганц шил ганзай мултлая гэснээр нэгэн газрыг олж очиж, жаал ярьж сууж байгаад харих шив дээ.

Тэтгэврийн өвгөний шинэ жил бол нэг иймэрхүү л болдог юм байна. Эрийг нас, уулыг цас аа гэж.
  

Wednesday, December 15, 2010

Гайхуулж явна гэдэг бас бахархал ч юм уу?

Өнөөдөр хажуугийн дэлгүүр орж, авдгаа авлаа. Кассчин охинтой юунаас болсон юм бүү мэд, яриа өрнүүлээд, "ажилгүй амьдралгүй ядарсан муу тэтгэврийн өвгөн" гээд л авсан чинь, өөдөөс "ах аа, нээрээ та хаана ажилладаг юм бэ?" гэж байна. "Ажилгүй гээд байхад чинь!" гэсэн чинь, "Тэгвэл та ч тансаг ангиллын ажилгүй байна л даа. Дандаа цэвэрхэн, гоё ганган хувцаслана, дандаа үнэтэй архи авна, дандаа шинэ арван мянгат юм уу, хорин мянгат гаргаж ирж үйлчлүүлнэ. Яаж тан шиг ийм гоё ажилгүй хүн болох вэ?" гэдэг байгаа. Хэ хэ, нэгэн хүний зовлон нөгөө хүнд жаргал болж харагдана гэдэг энэ юмсанжуу.

Thursday, December 10, 2009

Би нүүлээ!

Блогчид оо!

Банжиг.нэт маань байнга тасраад байх болжээ. Би эвтэй, аятай байдлыг бодоод блогспот.ком руу нүүлээ. Манай гэрийн шинэ хаяг commie-commie.blogspot.com.
Манайхаар айлчилж байгаарай!

Мөхөс бичээч Commie нь мэхийн ёслов.