Sunday, June 7, 2015

Би ч бас л том бөх шүү!

"Харь хол явж үзээгүй намайг, харин Ленинтэй уулзлаа гэхээр их гайхдаг юм" гэдэг шиг ах нь цагтаа улсын цолтой бөхчүүдтэй л хүч үздэг том бөх байлаа шүү дээ гэж. Хэ хэ.

Би биеэр жижиг ч шаггүй барилдчихдаг хүүхэд байлаа. Цэрэгт очоод, үндэсний бөхөөр барилдахад бол үнэндээ жижигдэнэ л дээ, тэгэхдээ өөр хоорондоо барилдах болохоор барилдана л даа. Тэгээд батальон дээр бөхийн тэмцээн зохиохоор ер нь тогтмол шөвгийн дөрөвт шалгараад байдаг байлаа. Түрүүлж бол үзээгүй ээ. Тэгээд аз таардаг юм уу, яадаг юм, шөвгийн дөрөвт яаж ийгээд л үлдчихээд байдаг байлаа. Ангидаа бол барилддаг хүний л тоонд ордог байлаа.

За, тэгсэн чинь армийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм болоод урьдчилсан шатанд нь анги бүрээс дөрөв дөрвөн бөх оролцуулах юм болсон чинь хэ хэ, хөөрхий шинэ цэрэг шалгарчихдаг байна ш дээ. Уг нь миний үндэсний бөхөөр барилдах гэж юу байх вэ дээ, тэр үед 54-55 кг-аас ерөөсөө дээш гардаггүй хүн байлаа шүү дээ. Харин одоо бол 70-80 килотой, гүзээгээ унжуулчихаад, барилддаг гэвэл, хүн аан, тийм байх оо гэмээр амьтан байгаа юм чинь. Тэгэхдээ хэрэггүй гүзээ чинь хэрэггүй байдаг юм байна лээ. Хурд байхгүй, хүч гарахгүй, хөл гар нь хөдлөөд ч нэмэргүй, гүзээ нь хамжиж дэмжиж өгч чадахгүй хоцроод байдаг юм байна лээ. 

За, тэгээд очоод барилдах юм боллоо. Бусад ангиудаас ёстой сүрдмээр том том биетэй цэргүүд, аймаг цэргийн цолтой бөхчүүд иржээ. Хамт ирсэн хал цэргүүд маань айгаад барилдахаа болилоо. Үнэхээр бид бол ёстой жижигдэж, жолдож байгаа юм чинь. 

Бүх оролцогчдыг дотор нь бараг гурав дөрвөн ч подгрупп болгосон байх оо. Манай группт 32 бөх тойргоор барилдаж байгаа юм. Энд л миний бөх байх үеийн оргил үе тохиож, улсын начин Эрдэнэбаяр, Цэнгэлсүрэн, Сумъяа нартай таарч барилдаж байгаа юм чинь. Ха ха. Би ч өөрийгөө  хүн ганц гуд татахад уначихгүй овоо сүрхий бөх гэж боддог байлаа. Тэгтэл нөгөөдүүл чинь намайг бол зүгээр л шууд гуд татаад л сарвайтал нь дөрвөн хөллүүлчихэж байгаа юм чинь. Яг үнэндээ тэд надтай барилдах үедээ улсын цол аваагүй, аймаг, цэргийн цолтой бөхчүүд байсан л даа. Тэгээд л удалгүй дараа жил л бараг улсын цолоо авцгаасан байх. 

Би ч яахав, барилдсан бүх бөхдөө унаж, амьдралдаа анх удаа баян ходоод болж үзэв. Харин баян ходоодны шагнал гэж өгөхгүй байна лээ. Хэ хэ.

Гэхдээ л гурвын гурван улсын цолтой бөхтэй уран мэхийг уралдуулан барилдаж байсан гэхээр том л бөх байгаа биз дээ. Хэ хэ.

No comments:

Post a Comment