Friday, May 22, 2015

Househusband

Монгол хэлэнд чинь гэрийн эзэгтэй гэж ажилгүй, гэртээ гэр орныхоо ажлыг хийгээд суудаг авгайг хэлдэг биз дээ. Энэ ажилдаа тэд их дургүй ээ. Юм л бол эрийн боол, гэрийн зарц болохгүй нтр гээд их ширүүн ш дээ. Англиар тэдний housewife гэдэг гэж байна. Тэгэхээр мөн гэрээ сахиад суудаг эр хүн байвал househusband л гэх байлгүй.

Миний бодоход, ажилгүй, гэртээ, гэрээ сахиад, househusband хийгээд суухад бас зүгээр ээ. Би л лав дуртай хийдэг. Одоо бараг сүүлийн 5 жил гэрээ сахиж байна шүү дээ. За, яг юу хийдгээ одоо цухас дурдая даа.

За, өглөө унтаж байтал, бүх улсууд босоод, чимээгүйхэн ажил албандаа гараад явцгаана аа. Ах унтаж байна аа. Тэгж байтал нэг нойр ханана аа. Тэгээд босоод, нүүр гараа угаагаад, цайгаа ууна аа. Цай чанаад тавьчихсан байна. Цайлж дуусаад, ажлын өрөөндөө орж компьютерийн ард сууна аа. За, тэгээд е-мэйлээ шалгана, дараа нь өглөөний сонин гарчиглана, тэгээд коммент бичих гэх хүндтэй ажлаа эрхэлнэ дээ. Тэгээд ойролцоогоор 2-3 цаг зугаацаад сууж байтал нүд аргаад, бие нозоороод залхуу хүрнэ. Тэгэхээр нь болиод, компьютерээ унтраачихаад, өрөөндөө ороод орон дээрээ гараад зурагтаа асаагаад үзнэ ээ. Суваг суваг солиод, баруун тийшээ нэг харж хэвтээд л, зүүн тийшээ нэг сэлгэж хэвтээд л, янз янзаар үзэж байтал, эсвэл өдрийн цайгаа уусны дараа гэнэт нойр хүрээд, дахиад сайхан хурхираад унтана аа. Удаан унтахгүй л дээ, жаахан зүүрмэглээд сэрчихнэ. Тэгэхдээ сайхан амарсан байна. 

За, тэгээд уг нь жаахан салхинд явбал биеийн эрүүл мэндэд зүгээр юм даа, сүүлийн үед нэлээн таргалаад байна гээд цонхоороо гадагшаа тэнгэрийн байдал харж байгаад, гарч шуудангийн салбараас сонингоо авахаар явна. Салхитай, бороотой, хэт халуун гээд л байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөлтэй байвал явахгүй ээ. 

Гэрээс гарахдаа бараг хаашаа явж байгаа ч мэдэхгүй явна. Яахав, шуудангийн хайрцгаа нэг эргэе дээ гэх маягтай. Тэгээд тэр өдрийн байдалдаа зохицуулаад үдээс хойш жаахан гадуур явж байгаад ажлаасаа тарж ирж байгаа юм шиг 7-8 цагийн үед гэртээ ирнэ. Ирэхэд оройн хоол бэлэн болчихсон байна. Хоолоо идчихээд ер нь энэ улсад чинь юу болоод байгаа юм бол гээд, хэрэгт дурлаад Цагийн хүрд үзнэ ээ.

Цагийн хүрдээ үзчихээд, дахиад ширээндээ сууж, компьютерээ асаагаад, коммент бичих, блог бичих ажилдаа орно доо. Тэгээд л залхуу хүртлээ, дургүй хүртлээ, жаахан интернэтдэж байгаад л унтана даа. Өглөө нь босоод бас дахиад л өчигдрийн хийснээ эхнээс нь дараалуулаад л хийнэ. 

Ажилгүй, гэртээ суудаг, housekeeping husbandын ажил гэвэл нэг иймэрхүү. Тийм ч хэцүү ажил биш л байгаа биз дээ. Би л лав бүр дуртай болоод байна. Яршиг, энэ ажлаа би өөр ямар ч ажлаар солихгүй ээ.

1 comment:

  1. Housekeeping husband биш л бна даа. Мөн бол гэрээ цэвэрлэж, хоолоо ядаж хийнэ биз дээ энэ чинь одоо...

    ReplyDelete