Wednesday, May 13, 2015

Хийх юм байхгүй байхад хийе гээд зүтгээд байхын хэрэг байна уу.

Би ер нь жаахан унтамтгай л даа. Өглөөгүүр бол унтаж л байна шүү. За, тэгээд, хэдэн цаг болох нь хамаагүй, ер нь нойр ханахаар л босно. Заримдаа хар өглөөгүүр 7, 8 цагт сэрчихээд нойр хүрэхгүй болохоор босоод юу кийнээ, сээгийднэ ш дээ. За, ер нь голдуу 10, 11 цагт, хааяа заримдаа 12 цагт босно. Архи уусныхаа маргааш бол үдээс хойш 3, 4 цагаас хойш л босвол босох байх, босохгүй бол үргэлжлүүлээд унтана аа. 

За, дандаа би ийм байсан юм уу гэвэл бас чиг үгүй юм аа. Ер нь бол 35 насыг хүртлээ бол, бага ид, бага унт, их унш, их ажилла гэсэншүү маягтай байжээ, одоо бодоод байхад. 35 настайдаа эргээд нэг харсан чинь ажил амьдралдаа ямар ч амжилт гаргаагүй, хэний ч мэдэхгүй, юу ч хийгээгүй, байдаг л нэг баагий болсон байв. За, тэгээд л амьдралынхаа философийг өөрчилж, нэгэнт л энэ ертөнцийн суутан болж чадахгүйгээс хойш, төрдөг үхдэг хүний орчлонгийн эгэл жирийн үхдлийн амьдралаар амьдрая даа гээд жаал архи уув, авгай эргүүлэв, дураараа иддэг уудаг болов, дуртай үедээ унтдаг болов, дуртай цагтаа босдог болов. Ном зом уншихыг бүрмөсөн болив. Энэ балай юмнуудыг уншсанаас болоод юу ч мэдэхгүй байж, даргын өөдөөс цор цор хийлээ гэсэн хэл аманд орооцолдоод байна ш дээ. Уг нь би ямар ч даргатай албан тушаал, ажил бизнесийг нь булаацалдаагүй л дээ. Зүгээр л цээжнийхээ бангаар худлаа ярихаар нь үгүй ээ, ямар ч логикоор аваад үзсэн энэ бол боломжгүй зүйл гээд л худлаа ярьсныг нь санамсаргүй няцаачихсан л байгаа юм даа. Энэ үйлдлээ би өөрөө ч анзааралгүй хийчихсэн. Тэгээд боссыг ажилчдынх нь өмнө гутаан доромжилсон гэсэн хүнд ялаар мулт үсрэвэй. Бид хоёрыг яриад зогсож байхад хэн ч байгаагүй ш дээ гэсэн чинь нярав, нягтлан, цэвэрлэгч гээд зөндөө хүн чагнаад зогсож байсан гэнэ ээ. Тэгээд би даргыгаа ажилчдынх нь өмнө, (уг нь би ч ялгаагүй, хөлсний ажилчин шүү дээ!) гутаан доромжлон хэрэгтэн болов шүү дээ. Хэ хэ. Манай дарга бол Эдийн засгийн ухааны магистр. Би бол эдийн засгийн А ч байхгүй, эдийн засгийн ухаанаар ТМС ч төгсөөгүй. Бид хоёр уг нь маргаад яах вэ дээ, угаасаа миний мэдэхгүй сэдэв юм чинь. Тэгсэн чинь нэгэн сайхан өглөө би гэнэт "Манайхан дэлхий глобалчдагдаж байна, Монгол дэлхийн улс төр, эдийн засгийн бараг л амин чухал цэг болж байна гэх шиг сонин юм яагаад яриад байдаг юм бол оо. Дэлхий нэг амьсгаа, нэг алхаагаар алхдаг гэвэл би л лав итгэхгүй ээ. Наад захын доллар, нефтийн дэлхийн ханш унаад л байхад, манайд тасралтгүй өссөн хэвээрээ л байна" гээд хэлчихжээ. Тэгсэн чинь манай дарга "тэгэлгүй яахав, манайх чинь бараг Орос, Хятадын рубль, юань, доллар ямар ханштай байхыг тогтоодог аягүй чухал газар" гэсэншүү хачин шогийн юм ярихгүй юу. Тэгэхээр нь би, Орос, Хятад хоёр чинь энэ донсолгооноос шууд хамааралтай, өсөж буураад л явж байна, май хар аа гээд, компьютер дээрээсээ нэг график үзүүлчихэж гэнэ. "Харин манайд яагаад хамаагүй юм бэ" гээд ханшийн мэдээтэй сонин үзүүлчихэж гэнэ. Тэгснээ "Манайтай огт хамаагүй, манайх дэлхийн эдийн засгийн дүр зургийн хэсэг бараг биш. Эсвэл мэдээлэл манайд сар, жилээр хоцорч ирдэг. Тэгээд л тэнд 1 жилийн өмнө болоод өнгөрсөн юмыг энд бид өнөөдрийн сенсаци болгож ярьдаг" гэсэн гэжаагаа. Гэсэн гэжаагаа гэдэг нь би хожим нь намайг яллах баримт болсон зүйлээс эргэн санахыг хичээж байгаа болохоос, уг нь миний хувьд ердийн л нэгэн өглөө сонин уншиж байгаад л маргалдаад, маргаанаа би баримтаар нотлоод ялчихсан л явдал шүү дээ. Түүнээс биш, би даргыгаа доошоо хийгээд л, өөрийгөө дөвийлгөөд л, нээээээээээээээээк ордны хуйвалдаан хийж, түүний албан тушаалыг булааж авах гээд байсан юм огт байхгүй. Өөрөөр би яах юм бэ, би хувийн компаний удирдлагыг булааж авна гэж байхгүй биз дээ, шууд шорон шаана биз. Аа, тэгээд л би, төрд ч ажиллаж чадахгүй, хувьд ч ажиллаж чадахгүй, үхэж байсан муу хүүр юм аа гэж өөрөө өөрийгөө нэг их сайхан харааж билээ.

Одоо тэгээд хийх ажилгүй сайхан гиюүрч, гудамж метрлээд сайхан байна доо. Аз болоход, Интернэт гэж сайхан юм байна. Яг над шиг ажилгүй гаруудад зориулагдсан эд шиг байгаа юм ш дээ. Энэ блогийг ч гэсэн хийх ажилгүй, дэмий гиюүрч байснаас арай дээр гэж хөтөлдөг ухаантай. Гэрээсээ гарахгүй болохоор сонин хачин явдалтай бага учрах юм байна ш дээ. Тэгээд жаахан сонирхолгүй, хэт хувийн чанартай бичлэгүүд болоод байх шиг санагддаг юм.

Ажилгүй, тэгээд архичин хүмүүсийн яруу алдар бадартугай! Ура, нөхөд өө, ура!!! 

No comments:

Post a Comment